Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 8 сарын 13
АТГ Л.Амарсанаа, Д.Хаянхярваа, Ц.Батбаяр нарыг шалгаж байна
Олны анхаарлын төвд буй хэргүүдийн талаар сүүлийн үеийн мэдээллийг өчигдөр Авлигатай тэмцэх газраас сэтгүүлчдэд өгсөн юм.

АТГ-аас цагдаагийн зарим дарга нарт хариуцлага тооцохыг хүсчээ


Авлигатай тэмцэх газраас цагдаагийн зарим албан тушаалтанд хариуцлагагүй үйл ажиллагааных нь төлөө хариуцлага тооцуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хандсан ч одоо болтол арга хэмжээ аваагүй талаар тэд хэлж байна. Тухайлбал,   Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга А.Эрдэнэбаяр, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Н.Амарзаяа зэрэг хэд хэдэн албан тушаалтанд холбоотой асуудлуудыг ЦЕГ-т тавьжээ. Энэ мэт зүйлүүд нь  авлигын эсрэг хууль тогтоомж хэрэгжихэд томоохон саад болж буй аж.

БХЯ-ны генералуудын хэрэг хэрэгсэхгүй болов


    Авлигатай тэмцэх газраас Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах командлагч нартай холбоотой асуудлыг өнгөрсөн гуравдугаар сараас шалгаж эхэлсэн.  Тодруулбал, анх  БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас манайд асуудал тавьсан байна.  Ингээд тухайн үеийн удирдлагуудыг нийт 1.3 сая ам доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгийг БНАСАУ-ын төлөөлөл болж ирсэн хүмүүсээс аваад эл мөнгөний тодорхой хэсгийг  завшсан гэсэн үндэслэлээр  шалгасан юм. Энэ хэргийг прокурорын байгууллагаас татаж хянаад хэрэгсэхгүй болгожээ.

Ц.Анандбазарын хэргийг хэрэгсэхгүй болгож ТЕГ-т шалгуулахаар шилжүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазарыг баривчлан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Гэвч түүний хэргийг сонгууль дууссаны дараахан Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон билээ. Үүнийг улс төрийн зорилготойгоор хэн нэгний захиалгаар  хорьсон хэмээн хардах хүн олон байсан юм. Гэхдээ түүний  хэргийг хэрэгсэхгүй болгосон ч өөр хэргээр ТЕГ-т шалгаж эхэлсэн байна.

    Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат “Д.Анандбазарыг хээл хахууль бусдад өгөхийг завдсан, өгсөн гэх үндэслэлээр  шалгаж байсан. Шалгалтын явцад Ц.Анандбазарт нэр дэвшсэн тойргийнх нь зарим иргэд, аж ахуйн нэгж байгууллагын мэдээлэл хадгалагдаж байсан нь тогтоогджээ. Энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн” гэв.

Харин “Саусгоби энд Сэндс” компанийн хувьд ашигт малтмалын лицензтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа. “Гадаадын байгууллага, байнга удирдлагаа сольчихдог учраас хэрэг шалгахад багагүй төвөг учирч болзошгүй. Учир нь удирдлагууд нь гадаад хүмүүс байдаг.  Тэдний хувьд Эрүүгийн хэрэг үүсгэх чимээнээр гараад явчихдаг, эсвэл өөр хүнийг томилдог байдал харагддаг” гэдгийг онцолсон юм.

Л.Амарсанаа, Д.Хаянхярваа нарыг шалгаж байна

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр гүйцэтгэгч Л.Амарсанаа, Сангийн сайд одоо УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарыг сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээллээ. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа аж. Тэдэнд  холбоотой хэрэг нь тойргийнхоо иргэдэд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, мөнгө тараасан явдал юм. Л.Амарсанаагийн хэргийн хувьд цаашид харьяаллаас хамаарч хууль хяналтын зарим байгууллагатай хамтарч шалгаж  магадгүй аж. 

Ц.Батбаярыг үргэлжлүүлэн шалгаж байна

УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар АТГ-аас мэдээллээ. Түүнийг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа өмч хувьчлалыг хууль бус явагдахад гар бие оролцсон гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Тодруулбал, тэрбээр 2007 оны наймдугаар сарын 17-нд анх "Өргөө", "Дүнжингарав" зочид буудлын менежментийг сайжруулах тухай саналыг НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барьсан байдаг. Улмаар НИТХ-аас 159 тоот тогтоол гаргаж зочид буудалд хөрөнгө оруулах хувийн хэвшлийн төсөл сонгон шалгаруулж, дүнг нь танилцуулахыг түүнд даалгасан байна. Гэтэл тэрбээр ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд “Өргөө” зочид буудлыг татан буулгаж, "Хар дун" компанийн 75, нийслэлийн өмчийн 25 хувийн оролцоотой "Дун-Өргөө" компани шинээр байгуулах асуудлыг НИТХ-д өргөн барьж. Ингээд НИТХ-ын 2007 оны аравдугаар сарын 17-ны 188 тоот тогтоолоор "Өргөө" зочид буудал "Хар дун"  компанийнх болжээ. Тухайн үед НИТХ-ын таван гишүүний гурав нь санал нэгтэйгээр “Хар дун”-д өгөхөөр санал нэгдсэн байдаг.

Мөн тэр үед "Хар дун" хэнийх нь ч үл мэдэгдэх, нэр төдий компани буюу “Өргөө”-г авахаас ердөө наймхан хоногийн өмнө байгуулагджээ.  Өөрөөр хэлбэл, тус компани 2007 оны аравдугаар сарын 9-нд байгуулагдсан аж. Түүнээс зургаа хоногийн дараа Ц.Батбаяр “Өргөө”-г энэ компанид нэгтгэх саналыг НИТХ-д оруулсан байна. НИТХ нь аравдугаар сарын 17-нд нь хамтарсан компани байгуулах шийдвэр гаргасан байна.

Үүнд нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяраас гадна НИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.Болормаагийн гүйцэтгэсэн үүрэг их гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байгаа юм. Тухайлбал, НИТХ-ын дарга байсан Н.Болормааг  нийслэлийн өмчийн оролцоог тогтоохдоо зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн 468 сая төгрөгийг 25 хувь, “Хар дун” компаниас ирүүлсэн төслийн дүн болон 1.8 тэрбум төгрөгийг 75 хувь гэж үзэн  аж ахуйн нэгжүүдийн дунд төсөл, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр шууд байгуулсан байдаг. Үүнд Ц.Батбаярыг албаны эрх мэдлээ ашиглан хууль бусаар оролцож, дэмжлэг үзүүлсэн хэмээн үзэж буруутган АТГ-т өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн шалгаж байгаа нь энэ  юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE дарна уу.Танд баярлалаа.
Түгээх
Сэтгэгдэлийг ачаалж байна...
STYLE